Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА


                 Монгол Улсын Үндсэн хуулийн дагнасан шүүх байгуулах тухай үзэл баримтлал биелэлээ олж 2002 оны 12 дугаар сарын 26-нд батлагдан 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиар 21 аймаг, нийслэл тус бүрт Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын дээд шүүхэд Захиргааны хэргийн танхим байгуулагдахаар болов.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай зарлигаар тус аймагт Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчээр Л.Одбаатар, Ж.Бурмаа, Д.Халиуна нар томилогдож Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Баяраа хавсран гүйцэтгэхээр болж үйл ажиллагаагаа явуулж  эхэлжээ.

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийг нэгтгэснээр Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх нэршилтэй болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дугаартай зарлигаар шүүгч Д.Халиунаа Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр, шүүгч Ж.Бурмаа, Л.Одбаатар нар Дархан-Уул аймагт байрлах Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд томилогдсон бөгөөд тус шүүх нь Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан шүүн таслах үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

         “Шүүх байгуулах тухай” хуулиар /шинэчилсэн найруулга/ Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай зарлигаар тус шүүхийн шүүгчээр Ж.Бурмаа, Л.Одбаатар нарыг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Б.Мөнхзаяаг томилсноор 3 шүүгчийн орон тоотой шүүн таслах ажиллагаа явуулж байсан бөгөөд шүүгч Ж.Бурмаа өндөр насны тэтгэвэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдснөөр тус шүүх нь 2024 онд 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагаа явуулж байна.

Тус шүүх нь нутаг дэвсгэрийн харъяаллын хувьд Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгж, 17 сум, 4 тосгоныг харьяалан шүүн таслах ажиллагаа явуулж байна.