-1

НАСАНД ХҮРСЭН ИРГЭНИЙГ ШҮҮХ ХУРАЛДААНД ӨӨР ЭТГЭЭД ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХГҮЙ

2023-02-01 11:56:15    |   44

\"\"\"\"


НАСАНД ХҮРСЭН ИРГЭНИЙГ ШҮҮХ ХУРАЛДААНД 

ӨӨР ЭТГЭЭД ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХГҮЙ.

 

          Шийдвэрийн дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2023/01/26 2023/ШЗ/54

          Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

          Процессийн хураангуй: 2023.01.27

 

Иргэн Ф.Серикбол нь амралтын газрын хоолны зааланд М.Билгүүний эрх чөлөөнд халдан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Ф.Серикболын өмгөөлөгчөөс “мөрдөгч нь хэргийг дутуу шалгасан тул нэмж ажиллагаа хийлгэе” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул хүсэлтийг шийдвэрлэхээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явуулсан.

Хүсэлтийг хэлэлцэх явцад, шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл буюу “Ф.Серикбол, М.Билгүүн хоёрт хоёуланд нь гэмтэл учирсан байж болзошгүй” гэх нөхцөл байдлыг шалгах, энэ талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай нь тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн прокуророос тогтоол гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж О.Золзаяаг томилсон нь буруу гэж үзлээ. Учир нь: хохирогч нас барсан, эсхүл 18 нас хүрээгүй, сэтгэцийн болон эрүүл мэндийн шалтгаантай тохиолдолд түүнийг төлөөлөх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж болно.

Энэ тохиолдолд хохирогч М.Билгүүн нь 18 насанд хүрсэн учир хууль ёсны төлөөлөгч томилох дээр дурьдсан шалтгаан, нөхцөл үүсээгүй байх тул хохирогч М.Билгүүнийг өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулах нь зөв гэж шүүх дүгнэв.

Хохирогч М.Билгүүн нь Солонгос улсад суралцаж байгаа гэх тул цахимаар шүүх хуралдаанд оролцож болох эрхтэйг тайлбарлаж өгсөн.

Хурлын явцад хохирогч М.Билгүүний ээж О.Золзаяа нь гэм буруугийн шүүх хуралдаанд иргэд болон хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, иргэдэд нээлттэй хийж болно. Харин хэвлэл, мэдээллийн байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд тухайн үед нь шийдвэрлэхээр тогтоов.


Санамж: 

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

  

         Шүүхийн процессийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл

            

 

 

. . .