-1

Албан тушаал өөрчилсөн тухай холбогдох байгууллагад гомдол гаргасан нь ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй

2023-04-11 10:25:58    |   42

\"\"


Албан тушаал өөрчилсөн тухай  холбогдох байгууллагад гомдол гаргасан  нь ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй

 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 сарын 14-ний өдөр №208/МА2023/00009

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.  

2023 оны 03 сарын 15-ны өдөр, шийдвэр-тойм: 05 дугаар 

            Иргэн М...нь А  ТӨХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай  гомдлыг шүүхэд гаргажээ. 

            Гомдлоо М нь албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан, энэ талаар гомдол гаргах гээд явж байхад  албан тушаал бууруулан шинээр томилсон ажлаас ажил тасалсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зөрчсөн  гэж маргасан. 

Харин ажил олгогч  А ТӨХК нь М... нь  ...ХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба түүний ажиллаж байсан ...ХК-ийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж төрийн өмчит ХК болсон.   Төрийн өмчит ХК нь шинээр бүтэц орон тоог шинэчлэн байгуулж  М..-г   Б... хэлтэсд ажилтанаар томилсон.   М нь гомдол гаргана гээд үүрэгт ажлаа хийгээгүй, хүндэтгэн үзэх ямар нэгэн шалгаангүйгээр  ажлаа 20 хоног тасалсан тул ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн хариуцагч А.ТӨХК-н   гомдлоор  давж заалдах шатны шүүх хэргийг хянаад  дараах үндэслэлээр М-ийн гомдлыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.Албан тушаал өөрчилсөн тухай гомдол гаргах хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан,  

2.Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг зохицуулсан боловч  албан тушаал өөрчилсөн тухай  холбогдох байгууллагад гомдол гаргасан үндэслэл нь дээрхи хуульд заасан  ажлаасаа татгалзах  үндэслэл болохгүй тул олон хоногоор хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

Шийдвэрийг бүтнээр үзэх бол: https://shuukh.mn/single_case/26748?daterange=2023-01-01%20-%202023-03-30&id=2&court_cat=1&bb=1 

 

Тойм бэлтгэсэн:  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах 

шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин 

. . .