-1

“Тэнсэх” гэдэг ойлголт нь ялын төрөлд хамаарахгүй

2023-04-11 10:33:29    |   44

\"\"

“Тэнсэх” гэдэг ойлголт нь ялын төрөлд хамаарахгүй

 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2023/ДШМ/24 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023 оны 03 сарын 29-ний өдөр, шийдвэр-тойм: 07 дугаар

Иргэн Алтан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгчийнхээ байшингийн цонхыг хагалж нэвтэрсэн, асаалттай байсан тээврийн хэрэгслийг зорилогогүйгээр жолоодож явсан гэмт хэргүүдэд буруутгагдан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжиж ирснийг шүүх хүлээн аваад дээрх хэргүүдэд гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэхдээ нэг хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлагыг оногдуулсан ба нөгөө хэрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тэнсэх эрүүгийн хариуцлагадаа зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн.  

 

Давж заалдах шатны шүүхэд  

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулах тухай эсэргүүцэл гаргасан. 

 

Давж заалдах шатны шүүх 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулинд нийцээгүй гэж үзсэн бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэдэг ойлголт нь хуулинд заасан ялын төрөлд байдаггүй тул тэнсэх хариуцлагад ялыг нэмж нэгтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа болсон гэж дүгнэсэн. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хууль зөрчсөн шийдвэрт өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлага, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

 

Тойм бичсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг

 

. . .